Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2022-01-13

Чингэлэг тээврийг амжилттай эхлүүллээ

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгаа билээ. Уг ажлыг эрчимжүүлэхээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Замын-Үүдэд ажилласан. Энэ хүрээнд зарим нэг зохион байгуулалтын асуудлыг УБТЗ-ын төлөөлөлтэй хамтран газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, хилийн тэг цэгээс ачсан чингэлгийг автомашинаар гаалийн талбайд хүргэж, бичиг баримт бүрдүүлэлт хийсний дараа УБТЗ-ын Замын-Үүд дэх Бүс нутгийн ложистикийн төв, Шилжүүлэн ачих анги руу тээвэрлэхээр боллоо. Ингэхдээ УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвөөр дамжуулан БНХАУ-ын “Сино транс” компаниас хилээр нэвтрүүлэх ачаа, чингэлгийн мэдээллийг хүлээн авч, гааль, ачаа хүлээн авагч, хариуцсан тээвэр зуучлагчдад мэдэгдэн ажиллахаар болсон.

Хэрэв ачаа хүлээн авагч та төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлэхээр бол Шилжүүлэн ачих анги, ачаагаа задлах мөн авто замаар бусад аймаг, хот руу тээвэрлүүлэх сонирхолтой бол Бүс нутгийн ложистикийн төвийн талбайг сонгох боломжтой байхаар УБТЗ-ын зүгээс тооцоолсон болно. Үүгээрээ импортын чингэлгийг Улаанбаатар хүртэл татан авахад “УБТЗ ерөнхий зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, ложистикийн шийдлийг хийх юм.

Эхний өдөр хилийн тэг цэг буюу дундын бүсэд импортын ачаатай 24 чингэлгийг улсын хилээр амжилттай нэвтрүүлж, гаалийн хяналтад оруулсан. Тэгвэл өчигдөр хоёр тал 50 чингэлэгт хүргэхээр зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Цаашид талууд өдөртөө 200 чингэлэг солилцож байхаар төлөвлөсөн. Хэрэв чингэлэг солилцоог 200-д хүргэн тогтмолжуулж чадвал хилийн цаана хуримтлагдаад буй импортын бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд татан авах боломжтой юм.

Хоёр тал ийнхүү 2022 оны 01 сарын 11-ний өдрөөс туршилтын тээврийг эхлүүлсэн бөгөөд тулгарч болох эрсдэлтэй хүчин зүйлсийг явц дунд нь засаж, сайжруулаад хэвийн үргэлжлүүлэхээр ярьж тохирсон.

Мөн хилийн тэг цэгээс чингэлэг татан авах ажлыг зохион байгуулахад төрийн шат шатны байгууллагуудын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын хамт олон тэр дундаа Олон улсын тээвэр зуучлалын төв, Тээвэр зохион байгуулалтын алба түүний харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих анги, Замын-Үүд өртөө голлох үүрэгтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх